Хайлааст, Баянхошууг холбох авто замын ажил 65 хувьтай байна

НИТХ-ын Төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Есөнтөмөр нар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцан, ажлыг шуурхайлуулах тал дээр анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.

Чингэлтэй дүүргийн 16-р хороо буюу Хайлааст, Баянхошууг холбосон 2.8 км авто замын ажлын гүйцэтгэл 65 хувьтай явж байгаа юм байна. Уг ажлыг анх 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 118 дугаар тогтоолоор Хувьсгалчдын гудамжнаас Хайлаастын авто зам хүртэлх 2.8км авто замыг Рингроуд ХХК-тай концессийн гэрээ байгуулан хийлгэхээр баталж байжээ.

Мөн 2017 оны Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Билэгт Зам ХХК-ийн гүйцэтгэж буй Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хороог холбосон 0.8 км авто замын ажлын явц 80 хувьтай байна.

Нийслэлийн 2015 оны төсөвт 2.3 тэрбум төгрөгөөр батлагдаж байсан, Асар Өргөө ХХК-ийн барьж буй Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах 102-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явц нь өнөөдрийн байдлаар 80 хувьтай явж байгаа аж.

Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс сонгогдсон Төлөөлөгчийн хувьд тухайн ажлуудыг яаравчлуулж, чанартай хариуцлагатайгаар дуусган хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.