ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар

  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай
  • Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар төлөөлөгч Халзангийн Нямдагвыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 82.9% саналаар сонголоо.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч Мөнхмагнайн Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжлахаар боллоо.

Түүнчлэн дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд Х.Нямдагва, Д.Ганболд, Л.Отгонцэцэг, Б.Баттөр, Б.Энхзаяа, Э.Билгүүн, Б.Оюу-Эрдэнэ нар сонгогдлоо.

Сүхбаатар дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас 23, Монгол Ардын намаас 12 төлөөлөгч сонгогдсон юм.