Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-нд болно.
Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас 22 бүргэдчин оролцохоос гадна Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. Энэхүү баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд үйл ажиллагааны эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншил болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг юм.
Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн орны хувьд Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.