Өнөөдөр Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэхийг шаардсан" цуглааныг ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн байрны гадна талбайд зохион байгуулав.
Цуглааныг нээж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ: “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх талаар 2017 оны улсын төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг тусгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж, тэвчээртэй хүлээсээр өнөөдрийг хүрлээ.
Харин Монгол Улсад төсвийн болон урсгал тэнцлийн хосолмол хүндрэл учирч ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулж 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг царцааж, нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сангийн яам ирүүлснийг бид эрс эсэргүүцэж байна. Бид энэ тухай 2017 оны 10 дугаар сарын 10-нд ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн газарт бичгээр шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй.
Эмч, эмнэлгийн ажилтнууд бидний шаардлага, тэмцлийг дэмжиж урлаг соёл болон боловсролын салбарын мянга мянган ажилтнууд нэгдэж эрхийнхээ төлөө хамтран тэмцэж байна. Бид бүхэн, тэдний төлөөлөл болж энд хүрэлцэн ирж дуу хоолойгоо нэгтэн ОУВС-д хандаж байгаа юм. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын ҮЭХ-доос “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт нэн даруй нэмэлт өөрчлөлт оруулж, хэлэлцээрт орох боломж бүрдүүлэхийг дахин шаардаж байгаа юм. Бид монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байна. Хэрвээ бидний энэ шаардлага үр дүнд хүрэхгүй бол 10 дугаар сарын 23-наас эхлэн ажил хаялт зарлаж, нэг зорилгын дор тууштай тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Монголын соёл урлагийн ажилтнуудыг төлөөлж УДБЭТ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Тамир, багш нар болон шинжлэх ухааны салбарын хамт олныг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар уг цуглааныг дэмжин нэгдэж байгаагаа илэрхийлж үгээ хэлсэн юм. Улмаар тус цалин нэмүүлэх цуглаанд эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нар, соёл урлагийн ажилтнууд болон номын сан музейн ажилтнууд ч ирж нэгдсэн байв.