Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Иймээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр талууд хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд тодотгов.
ОХУ Худалдааны төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод дахин нээж байгаад талархал илэрхийлж, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг боломж гэж онцоллоо.
ОХУ шүлхийн эсрэг вакцин буцалтгүй тусламжаар нийлүүлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад, энэ жил нийт ургацын 40 хувийг алдах төлөвтэй учир тодорхой хэмжээний улаан буудай авах сонирхолтой байна гэв.
Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр, Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдэгтэй ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизов санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд тэмдэглэлээ.
Талууд мөн Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудал зэргийн талаар санал солилцов.