Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг замчдын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр Зам,тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон Авто замын компанийнхан, ахмад залуу замчдын төлөөлөл Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээвэр хөгжлийн төвийн захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, АЗБХЗХ-ын дарга Д.Доржханд, Монголын авто замчдын холбооны тэргүүн Б.Бямбаа болон үе үеийн замчид оролцлоо.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “ Сайдаар томилогдож ирээд улсынхаа авто замын сүлжээний эхлэл цэгт та бүхэнтэйгээ уулзаж, хамтдаа хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Аливаа улсын зам, түүний эхлэл гэдэг тухайн улсын хөгжлийн зам байдаг. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхис, 21 аймаг 364 суманд энэ хөгжлийн замыг тавилцсан, нөр их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхнээрээ энэ өдөр бахархахгүй байхын аргагүй юм. Замчид бид цаашдаа ч бүтээснээсээ ихийг бүтээнэ. Та бүхний тавьсан замаар улс орны маань хөгжил, хүн ардын маань аюулгүй, амар тайван амьдралын түүх улам сайхнаар бичигдэх учиртай. Үе үеийн замчид, тээвэрчид, замаар үйлчлүүлж буй зорчигч та бүхэндээ Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн мэнд хүргэе. Алтан шар зам маань үргэлж өлзийтэй байх болтугай” хэмээснээр хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн.
Энэ үеэр Адистидийн хур хийдийн лам хуврагууд Монгол Улсын авто замын сүлжээний төв цэгээс эх орны дөрвөн зүг найман зовхис руу салаалан “урсах” алтан шар зам, замчид, жолооч, зорчигчдодоо зориулан аян замын ерөөл айлтгаж буян хишгийн даллага айлтгасан бол, Түмэн эх чуулгын хамт олон уран бүтээлийн дээжээс өргөн барилаа. Мөн шагналын эхний хур буусан 88-н жилийн түүхт ойн арга хэмжээ өнөөдөр алдар гавьяатнуудаа шагнах, урлаг соёлын арга хэмжээ болон бусад хүндэтгэлийн арга хэмжээгээр үргэлжлэх юм.