УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүдээс санаачилсан Нээлттэй сонсгол явуулах байнгын хорооны ажлын хэсэг байгуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр санал гаргасан юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд дээрх сонсголыг явуулах эрхтэй.
Тиймээс дээрх саналыг үндэслэн УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэг ахлах ба УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар бүрэлдэхүүнд нь багтаж байгаа юм.
Байнгын хорооны Ажлын хэсэг Томилгооны сонсгол явуулах хугацааг УИХ-ын удирдлагатай ярилцаж шийдэх бөгөөд Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах болжээ.