Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг иж бүрэн тохижуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
Уг танхим нь шүүхийн байрны стандарт жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм. Мөн шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй.
Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэж байна. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.
21 аймаг дахь шүүхтэй цахимаар холбогдсон “Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчинг бүрдүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр засчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж танхимын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим.
Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс “Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон. Шүүхийн ерөнхий зөвлөл дөрөв дэхь жилдээ хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй байгаа ч хэмнэлтийн зарчмаар ажиллаж хоёр жишиг танхим байгууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд байгуулахад Монголын шүүгчид шүүх хуралдаанаа өрөөндөө хийж байсан. Тэр цаг үе ард үлдэж, шүүгчид дэлхийн жишигт нийцсэн танхимд шүүх хуралдаанаа хийж байгаа нь Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн үр дүн юм” гэв.