Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийж, байгаль орчныг бохирдуулах, уулын ажлын ашиглалтын техник, технологийг зөрчих, улмаар иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч цэгцлэн үр дүнг нь танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаар холбогдох хүмүүст даалгалаа.
Тус дүүрэгт хууль бусаар хөдөлмөр эрхэлж аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин нүүрс олборлосноос осол гарах, уурхайн ам шинээр нээхийг таслан зогсоох, үүссэн цооногуудыг хааж дахин ашиглах боломжгүй болгож, харуул, хамгаалалттай болгох, зөвшөөрөлгүй газраас нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд байнгын хяналт шалгалт хийх, дэг журмыг сайжруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна
Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирдог явдлыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсэг байгуулан тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг ирэх оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Цаашид Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлосны улмаас эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бий болгох, ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн шугамаар иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн шугамаар сургалтад хамруулж ажлын байраар хангахыг Засгийн газрын гишүүд тус тусын эрхлэх асуудлынхаа хүрээнд судлан тооцоо, судалгаа хийж, тодорхой төсөл, санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг даалгасан байна.
1992-2017 онд Налайхын нүүрсний ордын далд малталтын амнуудад хүчилтөрөгчийн дутагдалд орох, нурангид дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас баржээ. Тус дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаа нийт 1500 хүн ажиллаж байгаагаас Налайх дүүргийн харъяат 300-500 хүн байна гэсэн судалгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хийжээ.
“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол практикийн асуудлууд” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг удирдан явууллаа. Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, хуульд нийцсэн, олон түмний санал бодолд тулгуурласан байх зарчмыг баримталж ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн үеэр онцлоод Налайх дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан юм.