Наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулна

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд салбар хороод мэдээлэл хийлээ.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар найруулна. Наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна.

“Энэ жилийн наадмын нэг онцлог нь шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. Мөн өдөр Төрийн далбааны өдрийн арга хэмжээ, цэргийн парад болдог учир наадам эхэлсэнтэй адил өдөр болно. Тиймээс баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 20-ны өдөр гэхэд бэлэн болго” гэж  Шадар сайд баяр наадам зохион байгуулах комиссынхонд үүрэг болголоо.

Соёлын арга хэмжээний тухайд нийт долоон ажил төлөвлөсөн байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт, Хүй долоон хутагт соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш концерт, Монголын сайхан орон уран зургийн үзэсгэлэн, Гурван баритон тоглолт, Төрийн хүлээн авалтын үеэр тоглогдох урлагийн арга хэмжээ гэх мэт.

Одоогийн байдлаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 4000 хүн оролцох аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалганы 440 метр талбай эвдэрсэн. Үүнийг 19,8 сая төгрөгөөр засуулахаар болжээ. Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрыг эмх цэгцтэй, нэг гарт төвлөрүүлэх журмыг боловсруулсан байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэх эрхийг өмнө нь гурван газар олгодог байсан бол энэ жил ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгох аж.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асарт байрладаг 230 сандал хуучирсан тул 27,6 сая төгрөг төсөвлөжээ.

Үндэсний сурын харвааны үзэгчид гурван эгнээ 60 метр, 360 суудалтай болох нь.  Бэлтгэл ажил долдугаар сарын 3-нд дуусах аж.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1660 автомашины зогсоолыг баяр наадмын үед ашиглахаар зохих газарт нь хандсан байна. Автомашины зогсоолын тоо өмнөх жилийнхээс буураагүй аж.

Баярын өдрүүдэд нийслэлийн 82 чиглэлд 654 автобус, зуслангийн чиглэл 5 чиглэлд автобусууд явах аж. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд 3-5 минутын зайтай богино эргэлтийн автобус үйлчлэхээр болжээ.

Баяр наадмын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн телевиз, ТВ9, Монгол HD шууд дамжуулах хүсэлт гаргажээ.