Малчид ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна

Малын тэжээл худалдаж авах малчид бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгө, мал, махаар тэжээл сольж авах боломжийг бүрдүүлсэн.

Өнгөрсөн оны байдлаар 22.4 тэрбум төгрөгийн урамшуулалтай нийт 20 гаруй мянган тонн ноосыг 87 орчим мянган малчин үндэсний үйлдвэрт тушаажээ. Ноосны урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлсэн байна. Дээрх мэдээллийг үндэслэн МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл авах зөвшөөрлийг олгож буй аж.

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг орон нутагт өрнүүлсээр байна.

Малчдад өөрсдийн амьдарч буй сумаасаа өвс, тэжээлээ хямд үнээр худалдан авч, нөөцөө бүрдүүлэх боломжийг олгох нь дээрх аяны зорилго хэмээн албаныхан хэллээ.