Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүргүүлэв.
Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи тайлбар, хариу өгөхийг шаардсан юм.
Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан зэргийг шаардлагын хариуд тодотгосон байна.
2018 он Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсөлтийн замд оруулах шийдвэрлэх жил байх болно гэж олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон манай эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Ийм таатай боломж, нөхцөлийг зөв зүйтэй ашиглаж чадах эсэх нь монголчуудаас, түүний дотор ард иргэдийнхөө өмнө өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн улстөрчдөөс хамаарна. Улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө улс төрийн бүх хүчин, түүний дотор УИХ-д суудалтай намууд хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Г.Занданшатар албан тоотдоо илэрхийлжээ.