Гал түймэр, ослын дуудлага 26 хувиар буурчээ

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-т 34 удаагийн дуудлага иржээ.

Тухайлбал, объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5 дуудлага ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт юм.

Сар шинийн баяртай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд НОБГ-аас өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 15-ны хооронд хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 61 удаа зохион байгуулжээ.

Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа зохион байгуулсан бөгөөд үүнд 15 мянга 259 иргэн оролцсон байна. Энэ үеэр иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх 15 мянга 300 ширхэг сэрэмжлүүлэх материал тараасан байна.