Монголын спортын түүхэн дэх хамгийн том гэрээг хийлээ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Андууд сити, клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл 1 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.

Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор боллоо. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ рекорд болж байна.

Үндэсний лигүүд "Андууд, сити клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК-ий "Мазала" брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдана. МХБХ 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийнхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан бөгөөд өнөөдөр "Арвайн үндэс" ХХК-тай байгуулсан гэрээг амжилттай дүгнэлээ. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Андууд, сити клуб" ХХК, "Нисдэг мазала" ХХК "Мазала" брэндтэй хамтран ажилласанаар хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохоос гадна дээд лигийн тоглолтуудын тоглолт бүрийн тасалбар бүрээс 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очно.

"Мазала" дээд лиг 04 сарын 28-аас эхлэн Атлетик 220, Арвис, Гоёо Эф Си, Дэрэн, Сэлэнгэпресс, Улаанбаатар сити, Хангарьд, Жипро, Эф Си Улаанбаатар, Эрчим гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөнө. Харин 05 сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт энэ улиралд анх удаа 12 баг тоглох учраас өмнөх жилүүдээс сонирхолтой явагдах нь дамжиггүй.

Өнгөрсөн гурван жилд үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн “Алтан жолоо” группт МХБХ нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн МХБХ-ны “Гавьяаны одон”-оор шагнаж, үнэмлэх олгов. “Алтан жолоо” группын хийсэн ажлыг үргэлжлүүлэн авч, хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зориглосон “Андууд сити, клуб” ХХК, "Нисдэг мазала" ХХК-ий хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.