Д.Эрдэнэбат: 2019 оны “цатгалан” төсөв том эрсдэл дагуулж байгааг анхаарах хэрэгтэй

-УИХ-аар 2019 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Анх чуулганд оруулахад АН-ын бүлэг завсарлага авч байсан. Таны хувьд төсвийн боловсруулалтыг хэрхэн харж байна вэ?

-2019 оны төсвийг ярихаас өмнө 2018 оны төсвийн гүйцэтгэлээс үүдэн гарч байгаа сөрөг үр дагавруудыг сануулмаар байгаа юм. Энэ онд эдийн засгийн өсөлт байсан ч иргэдэд хүрч байгаа хүртээмж алга гэдгийг нийтээрээ ярьж байна. Мөн өр, зээл нэмэгдсэн болохоос хасагдсан юм алга. Түүнчлэн тодорхой хэмжээний хуримтлал буй болгож чадсангүй. Төсвийн орлого өссөн ч үрэлгэн байдал хэвээр байна. Ялангуяа манайх шиг жижиг эдийн засагтай, хэрэглээнийхээ ихэнхийг гадаадаас авдаг орон эдийн засгийн өсөлтөөсөө гарч байгаа мөнгийг үр ашиггүй зарцуулаад байж болохгүй.Иргэдийн орлогыг дэмжих, ажлын байр бий болгох, экспортыг орлох үйлдвэрлэлийг нэмэх бүх үйл ажиллагаа зогссоноос болоод хэрэглээний үнэ ханшид савалт гардаг гажигтай боллоо. Эдийн засаг өссөн ч эцсийн дүндээ импорт 40 хувиар огцом савлалаа. Ийм савлагаа манай улсын түүхэнд байгаагүй. Өөрөөр хэлбэл, валютын хомсдолд огцом орж байна гэсэн үг. Энэ юунаас болов гэдэг дүгнэлтээ хийж байж 2019 оны төсвийг бид бодох ёстой байсан юм.

-Төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төлөв­лө­сөн, орлогын өөдрөг төсөө­лөлтэй байна гэх шүүмжлэл бий?

-Засгийн газар “Эдийн засаг өсчихлөө. Ирэх жил илүү их орлого олох учраас түүнийгээ дагасан зардлаа нэмнэ” гэж байна. Гэвч зардал нэмэгдэхэд эзэлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ хэчнээн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийг зайлшгүй анхаарч үзэх ёстой байсан. Тэгсэнгүй. Төсвийн болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт урд жилийнхээс гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Ингэж эдийн засгийн тэлэлтийг хөөсрүүлж болохгүй. Уг нь ийм хөөсрөлт, тэлэлтийг барихын тулд 2019 оны төсөв төлөвлөгдөх ёстой. Хэрэв үүнийг зогсоож чадахгүй бол 2018 онд гарсан үр дагавраас илүү хүнд зүйл рүү 2019 онд орж болзошгүй гэдэг анхааруулгыг АН өгч байгаа. Эрх баригчид тийм юм гарахгүй гээд янз бүрийн тайлбар хийж байна. Гэхдээ гарахгүй гэдэг баталгааг тоон үзүүлэлтүүд өгч чадаагүй.

-Та чуулганы хуралдааны үеэр сонгуулийн өмнөх жилийн төсөв боллоо гэж шүүмжилж байсан байх аа?

-Үнэнийг нь л хэлж байгаа нь тэр. Сонгуулийн өмнөх жил гишүүн болгон тойрогтоо жаахан юм хийсэн байх учиртай гээд “Тугалыг нь тураахгүй эхийг нь эцээхгүй” байдлаар хуваарилалт хийж байгаа нь импортын хэрэглээг өдөөж байгаа нэг том хэлбэр. Дээрээс нь төсвийн төсөлд хууль зөрчсөн үйлдлүүд олон байгаа. Жишээлбэл, төсвийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн шалтгааны нэг нь аймаг болгонд их хэмжээний хөрөнгө хуваарилсан. Би орон нутгийн хөгжлийн тал дээр хэзээ ч эсрэг байгаагүй. Байх ч үгүй. Гэхдээ ингэж тэгшитгэн хуваарилах ямар шаардлага байна вэ. Цөөн хүн амтай, хүмүүс нь улам хот хүрээ рүү татагдаад байгаа аймагт их хэмжээний мөнгө өгөх нь бодлогын хөрөнгө оруулалт мөн үү. Үүнд Сангийн яам хариулж чадахгүй байна. Ер нь хөрөнгө оруулах гэж байгаа бол бүс нутгийн хөгжлийн бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтайгаа нийцүүлэх ёстой. Ингэхгүй юм бол яах гэж бичиг баримт баталж, улсын хөгжлийн асуудлаар хууль гаргаж байдаг юм. Нэг сайдын амбицаар бүх зүйлийг шийддэг бол төрийн хууль, хөгжлийн бодлого гэж байгаад яах юм. Эдийн засгийн хөгжил, хүн амын төвлөрөл суурьшил хаана байна, цаашдаа бид бүсчлэлийг яг яаж харж байгаа юм бэ гэдгээрээ энэ хөрөнгө оруулалт, мөнгөний хуваарилалтыг хийдэг болохоос биш тэгшитгэн хуваарилж хийж болдоггүй юм.

-Тэгшитгэн хуваасан гэснээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тойрог дээрээ 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан гээд байгаа шүү дээ?

-Тэр нөхөр чинь түүнийгээ хамгаалаад сууж байна. Гэтэл Улаанбаатар гэдэг том айлын асуудал хүндэрчихсэн. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байхад нэг ч асуудал шийдэхгүй байна. 21 аймагт мөнгө хуваарилсан мөртлөө Улаанбаатарыг орхисон. Ийм үндэслэл байгаа учраас сонгуулийн өмнөх төсөв боллоо гэж хэлээд байгаа юм. Зорилгогүй мөнгийг тэгж л тайлбарлана биз дээ. Тэр аймагт ийм хөгжлийн хандлага түлхүү явж байгаа учраас яг үүнд зориулаад энэ төсөл, хөтөлбөрт төчнөөн төгрөг хуваарилж байгаа юм. Үүгээр жишээлбэл, үйлдвэрлэлийг буй болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх ийм төсөл хөтөлбөрийг чинь санхүүжүүлж байна гэвэл бид ойлгоно. Тийм юм байхгүй зүгээр л тэгшитгээд 8-10 тэрбум төгрөг байна гээд хуваачихсан. Энэ чинь зарчимгүй тоглоом.

-Төсвийг хэт өөдрөг төсөөл­сөн гээд байгаа. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг 80 ам.долларын үнэтэйгээр төсөөлсөн байна. Одоогийн ханш нь бол 71.2 ам.доллар байгаа. Дээр нь ирэх жил 40 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Гэтэл энэ жил 28 сая тонн нүүрс экспортлосон байдаг?

-Энэ ондоо 30 сая тонн хүрэх юм шиг байгаа юм. Яг тэдэнтэй адил өөдрөгөөр ярихад. Ирэх жил 12 сая тонноор нэмэгдэж орж ирнэ. 42 сая тонныг экспортлож чадах уу. Бид төмөр замаа бариагүй. Нүүрс хэдий их байвч хилээр гардаг ганцхан нарийн замтай. Гаргаж чадах хэмжээнээс чинь хэтэрчихсэн юм биш үү гэж асуусан. Болно гээд байгаа. Тиймээс эрх баригчид зүгээр л төсвийн зардлаа нөхөхийн тулд орлогоо хийсвэрээр авчихав уу гэсэн хардлага төрж байна. Гадаад эдийн засгийн нөхцөл яаж өгөгдөж байгаа, томоохон орнуудын худалдааны дайн манайд яаж нөлөөлөх талаар юу ч алга. Нүүрсний үнэ унахгүй гэсэн баталгаа хаана байна. Зэсийн ханш унаад эхэллээ. Бүх юм нь бүрхэг тооцоогүй зүйл рүү яваад орчихсон. Тийм учраас бид шүүмжлээд байгаа юм. Ер нь бид эдийн засаг гайгүй үедээ хуримтлал бий болгох хэрэгтэй. Ирээдүйн сангаа өнөөдөр арви­жуулж өр төлбөрөө тэндээсээ төлөх бэлтгэл ажлаа хийх ёстой. Өр зээлийн үндсэн төлбөрүүд 2021 оноос эхэлнэ. Өнөөдрөөс эхлэхгүй.

-Чингис бондын дараагийн төлбөр 2021 онд 500 сая ам.доллар байсан санагдаж байна. Гэхдээ бас эхний төлөлтийг нь хийсэн шүү дээ?

-Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байгаагаа өр дарлаа гэж улс төрийн шоу хийх нь хэнд ашигтай юм. Ямар ч өр дараагүй. Хөгжлийн банкнаас 500 саяын бонд босголоо гэж байна. Чингис бондыг яг энэ хэлбэрээр олон улсын зах зээлээс дөрөв гаруй хувийн хүүтэйгээр босгосон. Өнөөдөр эд нар 7.2 хувийн хүүтэй босгож байна. Гурван хувийн зөрүү өндөр биз дээ. Энэ гайхуулаад байх зүйл биш. Одоо ОУВС-гийн нөхцөлөөр дэлхийн банк болон бусад банкуудаас дахиад энэ жил 700 сая ам.доллар авна гэж байна. Тэгэхээр 1.2 тэрбум ам.доллар болно. Дээр нь Хятадын хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээ­лийн хүрээнд 1.5 тэрбум ам.доллар авна. Бараг гурван тэрбум ам.доллар болж байгаа юм. Одоо энэ бүх мөнгөнүүдийн нэг хэсэг нь төсвийн цоорхойг нөхөх, нөгөө хэсэг нь зүгээр дэд бүтцийг байгуулах, нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүд рүү явж байна. Энэ зээлийг эцсийн эцэст хэн дарах вэ гэхээр үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, айл өрх дарна. Хэрвээ уул уурхайн түүхий эдийн үнэ унавал хаанаас энэ мөнгийг олох юм. Маш өндөр эрсдэл дунд дэндүү цамаан явж байгаа. Тэрийгээ урд талынх өр тавьсан учраас өрийг дарж байна гэдэг сайхан улс төрийн шоугаар халхавчилж байна.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2019 оны тогтоолын төсөлд гэр хорооллын амины орон сууцыг хөгжүүлэх төсөлд 130 тэрбум төгрөг суулгана гэж оруулсан байсан. Түүнийг энэ төсвийн төсөлд тусгаагүй гэсэн шүүмжлэл бий?

-Аль ч Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030, үндсэн чиглэлээ баримтлах ёстой. Үүнийг баримтлаагүй нь одоо оруулж ирсэн төсвийн төсөл дээр харагдаж байгаа. Түүний нэг жишээ нь гэр хорооллын амины орон сууцыг дэмжих замаар утааг бууруулах асуудалд хөрөнгө тавих байсныг тавиагүй байна. Ипотекийн зээлийг нэг төсөвтэй болгож базсан гэж байгаа. Гэвч өнөөдөр Монголбанк л ипотекийг тодорхой хэмжээгээр гаргаж байна. Ингэхдээ тэр мөнгө нь буцаагаад өмнө нь баригдсан байрнуудын зээл авсан улсуудын өр төлбөрт яваад дууссан. Түүнээс шинээр барилга байгууламж барих, шинээр орон сууцанд орж байгаа гэр бүлд ямар ч хамаагүй. Одоо бас шатахууны үнэ өсөөд байна. АН эдийн засгийн хүнд үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байлаа.

Гэхдээ “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг мөнгө хэвлэж хэрэгжүүлсэн гэдэг шүүмжлэл бий?

-Дотооддоо аж ахуйн нэгжүүд төгрөгөөрөө л наймаалцсан асуудал. Гаднаас хамааралтай зүйл байхгүй. Тийм учраас Монгол Улс, ард түмэн хохирсон асуудал байдаггүй юм. Олон янзын “Сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд өр зээлээ дараад дуусчихсан. Өнөөдөр шатахууны жижиглэнгийн худалдаан дээр үнэ тогтворжуулах ажил хийх ёстойг эд нар хуулиар хориглоод хаячихсан. Энэ буруу үйлдлийн төлөө ард иргэд л хохирч байна. Уул уурхай, аж ахуйн нэгжүүдийн шатахуун авах үнийг яриагүй байна шүү. Гуравхан сая иргэнтэй жижиг улс шатахуун жижиглэнгээр авахад төр үнэ дээр нь зохицуулалт хийх л хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга чуулган дээр “УИХ-ын дарга төсвийг 10 хувь хэмнэх боломжтой гэсэн. Би 15 хувь хэмнэх уриалга гаргаж байна” гэсэн. Ер нь төсвийг хаанаас нь хэмнэж болохоор байгаа юм?

-Төсвийн зардлыг бууруулахад энэ төрийн байгууллагуудын данхар бүтцийг зайлшгүй эргэж харах ёстой. Төрийн албаны тухай хуулийг 2019 оноос мөрдөх гэж байгаатай холбогдуулаад аттестатчилал хийгээд бүтцээ шинэчлэх хэрэгтэй. Ингээд төсвийн зардлаас хэмнэгдэж байгаа мөнгийг эргээд монгол хүнийг ажил, орлоготой байлгах юм руу хөрөнгө оруулалт болгочих. Яагаад орлого нэмэгдэх тусам сандал ширээ нэмэхийг хөхиүлэн дэмжээд байгаа юм. Тийм учраас УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн хэлсэн “хэмнэлтийн боломж байна шүү” гэдэгтэй санал нэг байгаа. Асар их боломж бий. Хоёрдугаарт, гадаадын зээл тусламжаар хийгдэж байгаа дөрвөн их наяд төгрөгийн ажил байна. Зээл нь хөнгөлөлттэй гэж байгаа ч төсөвт өртөг нь төлөвлөснөөс өндөр. Энэ өндөр өртөгтэй төслийн ажлуудыг эргэж харах зайлшгүй шаардлагатай.Дандаа нийгэм, дэд бүтцийн шинжтэйюм руу яваад байгаагийн ядахдаа ганц нэгийг нь бодит үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт руу оруулахгүй юм уу. Ажлын байр нэмэх төсөл алга. Эцсийн эцэст төсөл, хөтөлбөрүүд нэрийн цаана дандаа далд бизнесүүд явчихаад байгаа юм. Хэн нэгний компани, аль нэг түшмэл төсөл аваад өөртөө мөнгө олох боломж олгоод байгаа юм биш үү. Тэгээд Сангийн сайд нь бүр хууль зөрчөөд төсвийн захирагч нарт хуулиар хуваарилагдах юмыг ганц өөр дээрээ төвлөрүүлдэг нь ямар учиртай юм. Нөгөө бодлого нь хаана байна. Тийм учраас 2019 оны цатгалан төсөв том эрсдэл дагуулж байгааг анхаарах хэрэгтэй. Би төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлэг дээр үүнийг хэлж байгаа. Эрх баригчид сөрөг хүчний үгийг авахаасаа гээх нь их. 2019 он гараад хаврын үед өндөр ачаалалтай төсөв дээр ямар нэгэн алдаа гарвал улс орны эдийн засаг, хэрэглээ хоёр маш их гажуудал руу явна. Үүнээс л болгоомжлох ёстой гэж анхааруулаад байгаа юм. Монгол орны хувь заяа шүү дээ.

-Гэхдээ сөрөг хүчин гэдэг бүх л зүйлд шүүмжлэлтэй ханддаг л даа?

-Бид бодитойгоор тултал нь шүүмжилнэ. Гэхдээ туйлширч шүүмжлэхгүй. Бидний харж байгаа бүх өнцөг, ирээдүйн дүр зураг ингэж харагдаад байгаа юм. Тиймээс үүнийгээ зас гэж байгаа хэрэг. Мэдээж засах, засахгүй нь олонхийн асуудал. Гэхдээ үр дагавар нь Монгол түмний амьжиргаанд шууд тусна.

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тухай хуулийн төсөл явж байна. Та үүнийг хэрхэн харж байна?

-Тэр хуулийн төслийг дэндүү хүнд сурталтай гэж харж байгаа. Хүсэлт гаргах гэж  иргэдийг чирэгдүүлэх тийм зүйлийг би дэмжихгүй. Яагаад үлдэж байгаа 20 хувьд нь энэ төр 27 тэрбум төгрөг гаргаж болдоггүй юм. Ер нь хүүхдийн мөнгийг өмнө нь ч зарим хүмүүс авдаггүй байсан. Тэр мөнгө “Хүний хөгжлийн сан”-гийн дансандаа үлддэг байлаа. Одоо ч ялгаагүй 100 хувь өгөөд явж байсан тэр хэлбэрээрээ явж байг л дээ. Тодорхой хугацааны дараа аваагүй үлдсэн мөнгийг Ирээдүйн өв санд юм уу эсвэл Хүүхдийн хөгжлийн сан гэж байгуулаад л хийчих хэрэгтэй. Хуримтлагдаад явж байг. Асуудал байхгүй. Нэг аймагт 50 тэрбум төгрөг тавьж чадаж байгаа бол 27 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн 20 хувьд өгөхөд юундаа горойгоод байгаа юм. Юуг нь ОУВС-гаас асуух гээд байгаа юм. Энгийн логик.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН