Д.Сарангэрэл:Эмч нарын цалингийн шатлалыг 4.5 -аас 6.7 болгож ахиуллаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нарын цалин нэмэгдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар хуралдаж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд сувилагчид маань 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Өнөөдөр эмч нарын цалингийн  шатлал 4-5 дугаар шатлалд байгаа. Тэгвэл сая Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний  шатлалыг 6-7 руу  авчирлаа. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу мөнгөн дүнгээр  122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Мөн  сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоолзүйч, эм найруулагч , сэргээн заслын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг сая Засгийн газрын хуралдаанаар нэмэгдүүллээ. Түргэн тусламжийн 511 жолооч 400 мянган төгрөгийн цалин авч байсныг өнөөдөр  цалинг нь хоёрдох шатлал руу оруулж 142192 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Нийтдээ эрүүл мэндийн салбарын 8696  гаруй ажилтны  цалингийн шатлал ахиж байна. Цалин нь 696-844 мянган төгрөг хүртэл нэмэгдлээ. Үүн дээр нэмээд ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал гэх зэргээр  нэмэгдэнэ. Эмч нарын цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгоно” гэлээ.