Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд багагүй дуулианы эзэн болж явсан Таканоива А.Баасандорж /2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа.

А.Баасандорж 18 насандаа 2009 онд Японы алдарт аварга Таканоханагийн дэвжээнд Таканоива нэр авч орсон бөгөөд 2014 онд Макүүчи зиндаанд дэвшсэн. Таканоива А.Баасандорж 2017 оны 10 дугаар сард аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас олны анхааралд өртөж байсан юм. Тэрбээр 2018 оны 12 дугаар сард доод зиндааны туслах бөхөө зодсон хэргийн улмаас зодог тайлахад хүрсэн.

Японы болон Монголын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан нэг үйл явдал нь 70 дахь Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж Таканоивагийн зодог тайлах ёслолд оролцож, үсэнд нь хүрсэн байна.

Шинэ оны эхээр хоёр сумоч Токиогийн нэгэн уушийн газар уулзаж, эвлэрсэн тухай яриа түгсэн. Тэднийг уушийн газраас гарахад “Та Таканоивагийн зодог тайлах ёслолд очих уу?” гэж нэгэн хүн асуухад “Тийм ээ” гэж Харумафүжи хариулсан талаар Японы хэвлэлүүд мэдээлсэн нь ийнхүү өнөөдөр батлагдаж байна.

Сумогийн ертөнцөд ийнхүү зүй бус үйлдэл гаргасны улмаас А.Баасандорж Таканоива 28 насандаа албан ёсоор сумо бөхөө орхин зодог тайллаа