УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 343 өргөдөл ирж 316-г нь шийдвэрлэжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 343 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан 2 удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, 2 удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 316 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 27 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Цэвэр агаарын сан”-гийн зарцуулалтын талаар зохион байгуулсан хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Байнгын хороогоор хэлэлцэж, “Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг чиглэл болгосон билээ. Энэхүү чиглэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг тус Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар сонссон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан байна.

Мөн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, түүнчлэн түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн газартай давхцуулан олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн өргөдөл ирсний дагуу тус Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсож, өргөдөлд дурдсан асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг холбогдох сайдад даалгасан байна. Үүний үр дүнд Улсын Их Хуралд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолой, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг тус тус байгалийн нөөц газрын ангиллаар, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь түүхийн дурсгалт, соёлын өвөөр бүртгэгдсэн “Сүлдэн хөх овоо” хэмээх газартай давхцуулан олгосон “Модот” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тухай тайландаа онцоллоо.

Иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, нийлэг уутыг хүнсэнд хэрэглэхийг хязгаарлаж, хяналтыг сайжруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Уг чиглэлийн дагуу Засгийн газар 189 дүгээр тогтоол гаргаж, 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон байна. Байнгын хорооны тогтоол хэрэгжсэнээр химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаарх талаар иргэдийн мэдлэг дээшилнэ, нийлэг хальсан уут хэрэглэхийг хориглосноор усны экосистем болон усан орчны амьд организмд эерэг нөлөө үзүүлнэ, мөн хэрэглэгч, үйлдвэрлэгчид болон импортлогчид бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн сав, баглаа, боодлоос гарч байгаа хог хаягдлын талаар хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болох юм.

Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосоны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө тасалгаанд зориулсан агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 657 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж буй барилгын ажлын явж, үр дүнтэй газар дээр очиж танилцаж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн байна. Дуусаагүй барилгыг ашиглалтад оруулах, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажилласнаар иргэдийг хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангах, Хөгжлийн банк ипотекийн зээлийн хүүг 500 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Үүнээс гадна түрээсийн орон сууцанд зорилтод бүлгийг хамруулах, бүртгэлийг цахимжуулах, бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг иргэдийн амьжиргааны түвшин, тэдний эрэлт хэрэгцээнд нийлүүлэн өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорацид үүрэг болгосон байна.

Туул голын бохирдлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан 56 иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглах эрх, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 63 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.