Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна.

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.

“Хотын соёлыг түгээх бүтээлч ажлуудыг ойн хүрээнд санаачлан хийж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг илүү анхааралтай сонсож, тэдний идэвх санаачилга, зүтгэл, оролцоог хангаж ажиллах хэрэгтэй. 380 жилийн ой тэмдэглэж баярлахдаа гол нь биш, Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн стратегийг боловсруулах, Соёлын өвийг хамгаалах хүрээнд үр дүнтэй ажил хийх, боловсролын салбарын бүх шатны оролцогчдыг хамруулсан “Миний хот” хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Тиймээс ажлын хэсгийнхэн бүтээлч ажлын төлөвлөгөөндөө эдгээрийг тусгаарай” хэмээн Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.