Цагдаа, эрүүл мэндийн байгууллагад туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай болон энгийн гэж ангилдаг. Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад үзүүлэх ёстой байдаг. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв нийт дуудлагын 70 хувьд 20 минутад хүрч ажиллаж байжээ. Мөн Нийслэлийн цагдаагийн газар хамгийн сүүлд 2012 онд парк шинэчлэлт хийсэн бөгөөд өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг ажээ. Нийслэлийн ИТХ-аас энэ жил онцгой байдал, цагдаа, эмнэлгийн байгууллагуудын парк шинэчлэлтэд анхаарч, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал 2020 оны нийслэлийн төсөвт цагдаа болон эрүүл мэндийн байгууллагыг бүрэн тоноглогдсон автомашин хангах төсвийг суулгаж өгсөн юм. Үүний хүрээнд өнөөдөр Нийслэлийн эрүүл мэнд, цагдаагийн байгууллагад туулах чадвар сайтай 90 авто машин гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө энхийн манаанд зогсдог алба хаагчдаа ажиллах орчин, нөхцөл, техник хэрэгслээр сайтар хангаж өгөх хэрэгтэй. Цаашид ч боломж бололцоогоороо парк шинэчлэлтийг хийж ажиллана” гэдгийг онцолж байлаа. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдсэнээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасаж байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ” гэдгийг Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж хэллээ. Мөн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой боллоо.