Норвегийн Осло хотноо бүлж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо.
Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн хүрэл медаль ийнхүү хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румын улсын туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр /10:0/ яллаа.
Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авсан гэдгээрээ онцлогтой. Тэр огт айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаж Ослогийн дэвжээнд 4 ялснаар дэлхийд данстай бөх боллоо.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх тодорч байна.