Д.Эрдэнэбат: Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх нь манай намын зургаа дахь санаачилга

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.

Хурлын эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өнгөрсөн нэг жилийн эдийн засгийн өөрчлөлтийн талаар чуулганаар яригдсан зүйлүүд бол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэт улстөржсөн дүгнэлт байсан. Тиймээс ч үүнтэй холбоотойгоор тоон үзүүлэлтээр олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тухайлбал, 2016 оны зургаадугаар сард Монгол Улсын нийт өр 22.5 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард 24.9 тэрбум ам.доллар болж нийт 2.4тэрбум ам.доллараар өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны зургаадугаар сард 175 сая ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард -30.8 сая ам доллар болж буурсан, инфляци 2016 оны зургаадугаар сард 1.6 хувь байсан бол 2017 оны тавдугаар сард 3.7 хувь болж өссөн. Монголбанкны төгрөгийн нэрлэсэн үнийн дундаж ханш 2016 оны зургаадугаар сард 1960 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2410 болж 20.3 хувийн өсөлттэй гарсан тухай санхүү эдийн засгийн мэдээллийг өглөө.

Тэрбээр, Монгол Улсын санхүү хангалттай байгаа. Тиймээс энэ өсөлтөд тулгуурласан ямар ажил хийх вэ гэдгийг эрх баригчид тодорхой гаргаж тавих ёстой гэдгийг шаардав. Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хувьд сонгууль угтаж Ардын намын хэсэг гишүүд санаачилж оруулж ирэхдээ Ардчилсан намын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөөгүй, УИХ-ын даргын дэргэдэх хурлаар оруулаагүй учраас завсарлага авсан. Түүнээс биш Багшийн хөгжлийн асуудлыг Ардчилсан намын бүлэг хойш татахыг хүсээгүй тухайгаа ч мөн энэ үеэр илэрхийллээ.

Харин Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай Ардчилсан нам санаачилга гаргаж,бүлгийн хуралд оруулж ирснийг гишүүд дэмжсэн. Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилга бол манай намын зургаа дахь санаачилга гэдгийг онцлов. Хамгийн анх 1990 онд малыг малчдад хувьчлахыг, 1996 онд орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчлахыг, 2004 онд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх, 2004 онд 40 мянган айлын орон сууцыг барих, 2013 онд орон сууцны ипотекийн зээлийн санаачилгыг гаргаж тус бүр амжилттай хэрэгжүүлсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам ажиллах болно гэдгээ хэлсэн юм.