Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэв.

Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хийв. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулиудыг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль болгон баталсан юм.

Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм.

Иймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг Засгийн газар болон хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлд бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай 6.4, 6.5 дахь хэсэг нэмэх, үүнтэй уялдуулан мөн зүйлийн гарчигт холбогдох хэсэг нэмэхээр тус тус төсөлд тусгажээ.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр хуулийн төсөл боловсруулахгүй, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, нэмэлт зардал гарахгүй аж.

Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Чөлөөт бүсийн үйл ажиллагааг үр ашигтай, өгөөжтэй болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийг улсын төсвөөс шийдвэрлэн, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарах саналыг хэлж байв
Хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.