Номхон далайн баруун бүс нутагт сүрьеэг тэглэх стратегийн баримт бичгийн хэлэлцүүлэг хийгдлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 72 дугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сүрьеэтэй тэмцэх стратегийн баримт бичгийн хэлэлцүүлэг хийгдлээ. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад, түүний дотор Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй улсуудад эл өвчинтэй тэмцэх чиглэлээр өмнө хүрсэн хүрсэн ололт амжилтууд ухарч, 2012 оны өмнөх үе лүү шилжсэн байгаа нь бүсийн хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарал шаардсан нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Тухайлбал, 2019 онд дэлхий дээр ойролцоогоор 10 сая хүн шинээр сүрьеэ өвчин туссаны 18 орчим хувь Номхон далайн баруун бүсийн улсуудад амьдарч байна. Бүсийн хэмжээнд 2019 онд нийт 1,8 сая орчим хүн шинээр өвчилснөөс 36,000 орчим тохиолдол нь сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвартай байсан бол 101,000 гаруй өвчтөн олон эмэнд дасалтай сүрьеэ буюу рифампицинд тэсвэртэй сүрьеэгээр өвчилжээ. Номхон далайн баруун бүсийн 37 улс орон, нутаг дэвсгэрээс Камбож, Хятад, Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Вьетнам зэрэг 7 улсад өвчлөл хамгийн өндөр байгаа бөгөөд бүсийн хэмжээний нийт өвчлөлийн 95 хувийг эзэлж байгаа статистикийг Бүсийн хорооноос танилцууллаа.

Монгол Улсын хувьд КОВИД-19 халдварын цар тахал эхэлснээс хойш нөөцийг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дайчилсан ба 2020 оноос эхлэн сүрьеэгийн тохиолдлын идэвхитэй илрүүлэг, хавьтлын тандалт судалгаа хийх ажлууд ихээхэн суларснаас сүрьеэгийн идэвхитэй болон далд хэлбэрийн илрүүлэг ихээр буурч, манай улсын өмнөх амжилтуудаасаа ухарсан байна. Статистикийн хувьд 100,000 хүн ам тутамд бүртгэгдэж буй сүрьеэгийн бүх хэлбэрийн тохиолдол 437 ба жилд бүртгэгдэж буй тохиолдлын тоо 14,000 байна. Сүрьеэгийн эмчилгээний хувьд төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцдаг хэдий ч сүрьеэтэй өвчтний өөрөөс гарах зардал, ажил хөдөлмөр эрхлэхгүйн улмаас орлогоо алдах зэргээс үүдэлтэйгээр нийт бүртгэлтэй өвчтнүүдийн 69 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байгаа статистик мэдээ ДЭМБ-ын Сүрьеэгийн 2021 оны Дэлхийн тайланд тусгагджээ.

Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооноос 2021-2030 онд хэрэгжүүлэх Сүрьеэг устгах бодлогын суурь баримт бичгийг боловсруулж, улмаар улс орнууд энэхүү баримт бичгийн хүрээнд өөрийн улсын өвөрмөц онцлог, нөхцөл байдалтай уялдуулах байдлаар сүрьеэтэй тэмцэх стратеги, үйл ажиллагаагаа сэргээж эрчимжүүлэхийг зөвлөж байна.