Б.Гандөл туялзуур сэлэмний өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид гараагаа амжилттай эхлүүлж хүрэл медаль хүртэв.

Өсвөрийн тамирчдын хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн /Варриорс/ Э.Тэмүүлэн /УБ Фенсинг/, Х.Ананд, Б.Гандөл /хоёулаа Дуэль/ ур чадвараа сорив. Тэднээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр тойргийн 6 тулаандаа бүгдийг ялж, хэсгийн дараах байдлаар топ 5-д эрэмбэлэгдэж, хасагдах 32-д Ливан улсын тамирчинг 11:10-аар ялснаар дараагийн шатанд шалгарсан. Улмаар хасагдах 16-д Вьетнамын тамирчинг ялж шөвгийн наймд үлдсэн.

Харин шөвгийн наймд Казахстаны туршлагтай тамирчинтай тун ширүүн өрсөлдөөний эцэст 15:13-аар ялж, медалийн болзол хангасан юм. Хагас шигшээд нутгийн сэлэмчинтэй өрсөлдөж, 15:9-өөр ялагдсанаар анх удаа монгол сэлэмчин Ази тивийн хүрэл медалийн эзэн болсон байна.

Батбямбын Гандөл нь Ц.Жигжидсүрэн багшийн удирдлага дор “Дуэль” клубт хичээллэдэг бөгөөд 2021 оны Өсвөр, Залуучуудын УАШТ-ий аваргаар шалгарсан шилдэг тамирчин юм.

Энэ удаагийн тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ноос 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.