Бүх нийтийн мод тарих өдөрлөгөөр 2000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд оролцон 2000 гаруй модны суулгацыг тарив.

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хавар, намрын мод тарилтаар 20 мянган суулгац бүхий мод, бутлагийг тарина. Мөн 100 мянган суулгацыг Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн тарихаар төлөвлөсөн. Ийнхүү 2022 онд 120 мянган модыг манай байгууллагын зүгээс тарьж ургуулахаар ажиллаж байна. Өнөөдөр 2000 модыг иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран тарилаа. Дараагийн өдөрлөг тавдугаар сарын 14-нд болох бөгөөд 100 гаруй байгууллагын оролцоотойгоор 8000 модыг тарина. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 120 сая модыг тарьж, ургуулах амлалтыг өгсөн.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийслэлийн ногоон байгууламжийн  ¼-г дангаараа бүрдүүлдэг тул уг ажилд манлайлан оролцоно. Бид тарьсан модоо жилийн дөрвөн улиралд арчилж, хамгаалдаг тул ургах баталгаа маш өндөртэй” гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл нийт 973 га талбайд оршдог. Нэгдүгээр ээлжийн 183 га талбайг тохижуулсан бөгөөд одоогийн байдлаар тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгох, мод тарих ажлыг хийж байгаа юм. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй мод 98.5 хувийн амьдралтайгаар ургаж байгааг албаныхан онцолж байв.