АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийнэ

Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх хуралдаанд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийнэ.

Гурван талт уулзалтын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл, төв коридороо шинэчлэх хүрээнд Зүнбаян-Хангийн төмөр замыг БНХАУ-ын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбох, аялал жуулчлал болон гурван улсын хоорондын хурдны замын талаар ярилцах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй коронавирусний цар тахлаас өмнө, 2019 онд хамгийн сүүлд биечлэн уулзаж байсан бол энэ өдөр албан ёсны уулзалтыг мөн хийхээр төлөвлөөд байна.  

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, БНХАУ-ын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн даргын газрын гишүүн, ХКН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Дин Шюэшян, ХКН-ын Төв хорооны УЛс төрийн товчооны гишүүн, Намын гадаад харилцааны төв зөвлөлийн Ажлын албаны дарга Яан Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын төрийн өндөр дээд албаны хүмүүс оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдрийн үдээс өмнө Бүгд Найрамдах Турк Улсын Ерөхийлөгч Рэжэп Тайип Эрдоан нар албан ёсны уулзалт хийж, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чжан Минтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана бараалхах юм.