“Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжин 55 тэрбум төгрөгийн зээл олгоно

Аялал жуулчлал эрхлэгч нарт 55 тэрбум төгрөгийн зээл олгож, үндсэн хүүгийн 7 хувийг татаасаар төр, засгаас дэмжихээр болоод байна. Засгийн газраас ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарлаж буйтай холбоотой ийнхүү бэлтгэл ажлыг хангах үүднээс тус салбарт хөнгөлөлттэй зээл олгох замаар онцлон авч үзэж байна.

Тус зээл нь хоёр жилийн хугацаатай, нийт 55 тэрбум төгрөгийн хэмжээтэй, арилжааны банкуудын эх үүсвэртэй байх бөгөөд зээлийн хүүгийн 7 хүртэлх хувийг татаасаар төрөөс хөнгөлөн дэмжих юм. Тодруулбал, арилжааны банкны зээлийн жилийн хүү 15-16 хувь байлаа гэж үзэхэд түүний 7 хувийнх нь хүүг Засгийн газар хариуцана гэсэн үг юм.

Дээрх боломж бүрдээд буйг БОАЖЯ-наас мэдээлж байна. Энэ нь аялал жуулчлалын салбарынханд тодорхой хэмжээгээр дэмжлэг болно хэмээн үзэж байна. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудаас ААН-үүдэд тавих зээлийн нөхцөл шаардлага дээр салбарын яам бизнес эрхлэгч нараа дэмжин аль болох бүх боломжтой хувилбараар тодорхой байр сууриа илэрхийлэхээ мэдэгдлээ. Энэ талаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа аж.