Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” гэж үнэлэв

"Мүүдиз" агентлаг хоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзлээ.

Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулав. Тус байгууллага дараах үндэслэлээр зээлжих зэрэглэлийг тогтоосон гэдгээ хэвлэлийн мэдээлэлдээ дурджээ. Тодруулбал,

-Монгол Улсын “B3” зэрэглэлийг нэг талаас эх үүсвэрийн болон гадаад орчны эрсдэлүүд их байгаа явдал, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийн төлөв сайн, өрийн эргэн төлөлтийн төлөв өмнөх үеийнхтэй харьцуулахад сайжирсныг харгалзан тодорхойлов. Гадаад өрийг 2023 оны 1 дүгээр сард дахин санхүүжүүлснээр Монгол Улсын ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага (хэдий өндөр хадгалагдаж байгаа ч) илүү удирдахуйц түвшинд хүрэв. Сүүлийн үед БНХАУ коронавирусний эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, Монгол Улс дэд бүтэц, логистикийн бүтцээ ахиулах ажлаа үргэлжлүүлэн, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлж буй нь гадаад валютын орох урсгалыг алгуур сэргээх, ирэх жилүүдэд ДНБ потенциал түвшиндээ хүрч өсөхөд дэмжлэг үзүүлэхээр байна.

-Институтийн сул дорой хөгжил, эдийн засгийн төрөлжилт дутмаг байгаа нь төсөв, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг нэмж байгааг мөн “B3” зээлжих зэрэглэл илэрхийлж байна. Ирээдүйн төлөв байдлыг “тогтвортой” гэж үнэлсэн нь гадаад эх үүсвэрийн эрсдэл их хадгалагдаж байгаа ч удирдахуйц түвшинд байгаатай холбоотой юм.

-Монгол Улс 2026 оны эцэс хүртэл их хэмжээний өр төлбөр барагдуулахтай холбоотой зарим тохиолдолд санхүүгийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж болзошгүй ч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт босгох өртөг нь хэт их бус байх боломжтой. Ингэснээр гадаад өрийн эргэн төлөлт хүндрэх магадлал “B3” зээлжих зэрэглэлтэй нийцтэй түвшинд хязгаарлагдана хэмээн Мүүдиз агентлаг үзэж байна.

-Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл (local-currency country ceilings) “B1” түвшинд хэвээр байна. Гадаад валютаар зээлжих зэрэглэл (foreign-currency country ceiling) “B3” түвшинд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэлийн дээд хязгаараас 2 пунктээр ялгаатай байна. Энэ нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо их, нийт орлого түүхий эдийн үнээс хэт хамааралтай, гадаад тэнцвэргүй байдал өндөр байгаагийн илрэл билээ. Мөн Монгол Улсын бодлогын үр нөлөө сул, гадаад өрийн түвшин өндөр байгаагаас үүдэн гадаад эмзэг байдал нэмэгдэх үед валютыг гуйвуулах, хөрвүүлэх эрсдэл тохиож болзошгүйг онцолжээ.