Түймэртэй үед хандив өгсөн ААН, иргэдийн төлөөлөлд талархал илэрхийллээ

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчдөд туслах зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандив, тусламжийн аян хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Энэхүү эх оронч санаачлагыг гаргаж, Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөллийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, “Талархал” гардууллаа.

Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.