“Мазаалай” дурсгалын мөнгөн зоос гаргалаа

Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгууллаа.

Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд 300 мянган төгрөгөөр худалдаалахаар тогтоожээ. Дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд ийнхүү Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байна.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгааны нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.