Я.Содбаатар: Намуудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг байхаар хуулийн төсөлд оруулж өгсөн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцуулгадаа, "Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намд мөн оны тавдугаар сарын 4-нд илгээж, хуулийн төсөлд УИХ-д суудал бүхий бүх намаас болон бусад улс төрийн намын саналыг авсан. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн холбогдох саналыг авч төсөлд тусгасан" гэлээ.

Тус хуулийн шинэчилсэн найруулга нь 7 бүлэг ба энэхүү төсөл батлагдсанаар улс төрийн намын эрх зүйн орчин сайжирч, энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзсэн байна. Тухайлбал, Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт илт тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайлан гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.

Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвшинө.

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болгох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэх юм. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ.

Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрэлдэнэ. Гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажна. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Дээрх цогц шинэтгэлийг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Манай олон улс төрийн нам идэвхгүй байдалтай болсон. Хурлаа хийдэггүй, даргаа сольдоггүй, төлөөллийн болон гүйцэтгэх байгууллага гэж бараг байдаггүй. Тэгээд сонгууль болохоор гараад ирдэг. Тийм намуудын дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулах чиглэлээр ямар заалтууд тусгасан бэ" гэсэн асуулт тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Өнөөдөр манай улсад парламентад суудалтай болон суудалгүй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байна. Намууд нийгмийн хөгжлийн хурдаас хоцорч байна гэж харж байна. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээн олон заалт орсон. Ялангуяа улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтыг оруулж өгөх ёстой. Тэгэхгүй бол 30 жилийн хугацаанд нэг гэр бүл улс төрийн нам байгуулсан, үүсгэн байгуулсан хурлаасаа хойш хурал хийж үзээгүй намууд ч байна. Тийм учраас энэ улс төрийн намуудын дотоод асуудлыг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буулгах хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн" гэлээ.