Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтрэх төлөвтэй байгаа бол сарын сүүлийн арав хоногт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 3-4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дундажаас 2-4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.