Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос (2023.11.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, тус холбооны нарийн бичгийн дарга И.Отгонбат нар мэдээлэл өгөв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулагддаг олон арга хэмжээний нэг нь Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээллээ.

Тэмцээн гурван үе шаттай бөгөөд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн сонирхогчид оролцох эрхтэй байдаг юм.

Жил бүр 6000 гаруй шатар сонирхогчид оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2023 оны арван нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд улс орон даяар болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны арван хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болно. Аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1,  шатарчин, Нийслэлийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.  

Шигшээ тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээний энэ шатнаас медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн Шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, тодорхой зардлыг нь зохион байгуулагч хариуцах юм.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.