Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурч, 83-т жагсжээ

Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индексийг зарлахад Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ.

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад 2019 онд орох үед Базел индексийн 20 дугаарт жагсаж байсан бол 2023 оны байдлаар эрсдэлийн үзүүлэлт буурч, 152 улсаас 83 дугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан байна.

Базелийн индексийг тооцоход гол нөлөө бүхий хүчин зүйл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанар бөгөөд голлох үзүүлэлт нь ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан үр дүнгүүд юм.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд чамлахааргүй амжилт гаргаж байна. Тухайлбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн техник хэрэгжилт бүхэлдээ сайн болон түүнээс дээш үнэлэгдээд байгаа. Энэ үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс тэргүүлж байна. Энэ амжилт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх бусад үнэлгээ, индекс, гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гадаад харилцаанд эерэгээр нөлөөлөхийг Монголбанк мэдээллээ. 

УИХ, Засгийн Газраас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүх шатны үйл ажиллагааг дэмжиж, хариуцан хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ арга хэмжээ авч, ахиц гаргаж байгаа нь Олон улсаас хийж байгаа үнэлгээнд сайнаар нөлөөлжээ. Цаашид бодит хэрэгжилтэд анхаарах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанарт анхаарч, энэ чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын хүний нөөц, санхүүгийн чадавхад анхаарах шаардлагатайг мөн онцолжээ.

Эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар Исланд улс 152 дугаарт бичигджээ.

Базелийн засаглалын хүрээлэн (Базел институт) жил бүр улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс”гаргадаг. Тус байгууллага нь авлигаас сэргийлэх, төрийн болон компанийн засаглал, тэдгээрийн үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах, буцаах чиглэлээр ажилладаг ашгийн бус, бие даасан судалгааны хүрээлэн юм.

“Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” нь олон улсын хэмжээнд улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг харьцуулах хэлбэрээр хөндлөнгийн хараат бусаар үнэлгээгээ гаргадаг онцлогтой. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн хүчин зүйлийг тооцсон, энэ чиглэлээр дагнасан нэгдсэн индекс байдаггүй тул улс орнууд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратеги гаргах, эрсдэлийг тооцохдоо энэ индексийг ашиглах нь элбэг байдаг аж.

Базел институт энэ индексийг улс орон бүрээр 2012 оноос хойш жил бүр гаргаж байна. /Монгол Улсын үнэлгээг харуулав/

Базел институт нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Трансперенси интернэшнл, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн энэ индексийг гаргадаг. Ингэхдээ эрсдэлийн үнэлгээг МУТСТ тогтолцооны чанар, авлига, хээл хахууль, санхүүгийн ил тод байдал ба стандарт, нийтийн ил тод байдал ба хариуцлага, хууль зүйн болон улс төрийн эрсдэл зэргийг авч үздэг байна.