Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох үеэр УИХ-ын гишүүдийг орон нутагтаа ажиллаж, малчдын өвөлжилтийн байдалтай танилцахыг анхаарууллаа.
Тэрбээр, Гадаа -26 градус хүйтэн байна. Цаг агаар эрс хүйтэрлээ. Саяхан болсон цасан шуурга, цочир хүйтрэлийн улмаас малчид амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Ийм учраас энэ амралтын өдрүүдээр гишүүд орон нутагтаа ажиллаж, малчдын өвөлжилтийн байдалтай танилцан, тулгарч буй асуудлыг анхаарах шаардлагатай байна. Цөөнгүй гишүүн өнөөдөр чөлөө авч хөдөө явсныг зориуд тэмдэглэж байна. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар өвөлжилт хүндрээд байгаа Завхан аймгийг зорьсон. Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүд өвөлжилтийн нөхцөл болон түлш, шатахуун, эрчим хүчний хангамжийн асуудлыг судлахаар явсан. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь судлаад, ирэх долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад сайдуудтай анхаарах асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд, сайд нар гарц шийдэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэлээ.