МАН: УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэн дэмжсэн байна. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, хэлэлцэх талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлсэн. Зарим улс төрийн намууд Удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараагаар бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх асуудлаар гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Одоо УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намуудтай бүсчилсэн тойргийг хэрхэн байгуулах, хэдэн мандаттай байхыг ярилцаж, саналаа тохиролцоно. Түүний дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.