“Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 автбоус үйлчилгээнд гарч байгаагаас 20 гаруй чиглэл нь богино эргэлтийнх юм. Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгааг албаныхан онцоллоо.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрах ярихдаа “Энхтайваны өргөн чөлөөнд Ч:1 чиглэлийн А, Б буюу Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг нэмэлтээр хийсэн. Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэх орчимд Ч:77 буюу Нисэхийн эцэс-120 мянгат, Ч:56 буюу Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байгаа. Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан. Ингэхдээ дэд бүтэц буюу замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль болох том оврын тээврийн хэрэгсэл зорчиж болох газруудад нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр зорьж байна. Тэрчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа. Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм” гэв.

Тэрбээр цааш ярихдаа “Нийслэлийн Нийтийн тээврийн газраас дахин төлөвлөлтийг санал болгож байгаа. Тус дахин төлөвлөлтийг парк шинэчлэлт болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор гаргасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд таван шараас Офицеруудын ордон хүртэл нийт 75 тээврийн хэрэгсэл явуулахаар урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Өмнө нь тус зүгт 20 чиглэлийн тээврийн хэрэгсэл давхцаж явдаг байсан бол шинэ төлөвлөлтөөр “5 шар-Офицеруудын ордон” гэсэн нэг чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацааг 2-3 минутад барих боломжтой. Хоёрдугаарт, Нисэхийн эцсээс Зунжин хүртэл 17-18 чиглэлийн давхцалтайгаар автобус явдаг байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд тус маршрутын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нэг чиглэлийн 100 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргана. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа 3-4 минут болно” хэмээлээ. 

Сонирхуулахад, Нийслэлийн нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1300 гаруй автобус байдаг аж. Үүнээс 12 жилээс дээж насжилттай автобусыг энэ сарын 31-нээр актлах юм байна.