УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 байхаар батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу УИХ ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулах бөгөөд ийнхүү тойрог байгуулахдаа тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоохоор заасан байна. УИХ өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлтөд нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 16-нд баталсан юм.

Уг өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно". Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу "УИХ-ын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх буюу мажоритар аргаар, УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорционал аргаар сонгоно” гэж тус тус заасан.

Сонгуулийн тойргийг байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн зорилт, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, УИХ-д суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалтыг харгалзан, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх улсын хэмжээний хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоог аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор нэгтгэж ирүүлснийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ. Үүнд:

-Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1  тойрог;

-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;

-Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;

-Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;

-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;

-Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;

-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;

-Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;

-Баянгол дүүрэг 9-р тойрог;

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;

-Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;

-Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;

-Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонхоороо дэмжсэн юм.