Оюутнууд өнөөдрөөс нийтийн тээврээр оюутны картаар зорчихгүй

“Улаанбаатар смарт карт” компаниас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг манайд ирүүлсэн. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр буюу өнөөдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Шинэчилсэн найруулгаар 43.2.5 буюу “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалтыг хассан учраас 2024 оноос оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм.

Уг нь дээр дурдсан заалтын дагуу оюутнууд 2016 оноос эхлэн 22 удаа үнэгүй зорчсон. Харин “2000” клубээс санаачлан зохион байгуулсан “Student day” өдөрлөгийн үр дүнд Засгийн газрын 2023 оны 111-р тогтоолын дагуу Оюутнуудын нийтийн тээврийн картаар зорчих эрхийг 22 байсныг 44 болгосон, мөн “И-Монголиа” цахим платформыг ашиглан оюутнууд цахимаар захиалга өгөх боломжтой болоод байсан юм.