Улсын цолтой 70 бөх барилдахаар бүртгүүлэв

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Гурван аварга тухайд эл барилдаанд түрүүлж үзээгүй байгаа юм. Гэхдээ гурвуулаа үзүүрлэж байв.

Харин улсын арслан Ц.Содномдорж нэг түрүүлж, нэг үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарч байлаа. Тэгвэл улсын арслан Р.Пүрэвдагва нэг түрүүлж, нэг удаа шөвгийн дөрөвт үлджээ.

Өнөөдрийн барилдаанд аварга гурав, арслан хоёр, гарьд хоёр, заан долоо, харцага 14, начин 42, нийт улсын цолтой 70 бөх зодоглох нь ээ.

Барилдаан 13:00 цагаас эхлэх бөгөөд өнөөдөр нэг, хоёрын даваа үргэлжилнэ.