Цас, зудтай сумдад туулах чадвар сайтай автомашин олгож эхэллээ

Зудтай нутгийн малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхлэв.  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу хаваржилт хүнд байгаа орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож байгаа юм.

Өнөөдөр эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Зарим сумын хувьд төрийн ажил үйлчилгээг иргэд малчдад хүргэх автомашингүй болсон, мөн парк шинэчлэлт хийлгүй удсан зэргийг харгалзан Засгийн газраас зарим сумын Засаг даргын тамгын газарт унаа олгох асуудлыг шийдэн, 15 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөнөөсөө гаргахаар болсон.  Мөн зарим сумын эмнэлэгт автомашин олгоход 9 тэрбум төгрөг зарцуулах болсон. Түүнчлэн автомашинаа хөнгөлөлттэй үнээр худалдахын зэрэгцээ нэмэлт тоноглолыг үнэ төлбөргүй хийж өгсөн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Цас их орсны улмаас одоо 20 аймгийн 190 суманд байдал нэлээд хүндхэн байгаа бөгөөд малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум багийг холбосон зам даваа хаагдсан, малчдын ахуй нөхцөл тун хүнд байгаа. Тиймээс Засгийн газар, УОК-оос иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, зудын нөхцөлд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хийж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан багц шийдвэрүүд гарган хэрэгжүүлж байна.