“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулахаар болсон.  Үндэсний чуулганы өмнө салбар хуралдааны эхлэл болох  “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хуралдаан өнөөдөр/2017.08.28/ боллоо. Салбар хуралдаанд нийт 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн бөгөөд хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэлэв.

Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлын талаар үндэсний хэмжээний чуулга уулзалт болохын өмнө гурван салбар хуралдаан болох ёстой. Түүний нэг нь өнөөдрийн  “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал юм. Харин маргааш сүү, ус ундаа, тос үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлаар, нөгөөдөр төмс хүнсний ногоо гурил үйлдвэрлэгчдэд зориулсан хуралдаан болно. Хуралдаан ач холбогдолтой болно гэж итгэж байна” гэв.

Хуралдаанаар  эрдэмтэд илтгэл тавьж, аж ахуй нэгжүүд өөрсдийн тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаас зарим зүйлийг  тодрууллаа.

-Мах боловсруулах үйлдвэрээ сэргэх, дэмжих тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай улсад нийт 40 гаруй мах боловсруулах үйлдвэр байдаг. Үүнээс 20 гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Мах экспорт хийх эрхтэй есөн үйлдвэр байдаг. Тэгэхээр одоо байгаагаа хөл дээр босгох нь чухал. Дотоодын мах бэлтгэх үйлдвэрийн хүчин чадал хангалттай.

-Одоогийн байдлаар аль, аль улс мах авах гэрээ хийгээд байна вэ. Жилд хэдэн тонн мах гаргах бол?

-Иран улс хонины мах авах гэрээтэй, ачилтаа хийгээд эхэлчихсэн. ОХУ-руу дулааны аргаар боловсруулсан мах тодорхой хэмжээгээр гаргаж байгаа. Адуу битүү туурайтай амьтан учраас чөлөөтэй гарч байгаа. Мөн Вьетнам улстай дулааны аргаар бэлтгэсэн мах гаргахаар тохирсон. Есдүгээр сард хоёр улсын ажлын хэсэг уулзана. Энэ оны эхний найман сарын байдлаар 7000 тонн мах гаргасан. Оны эцэс гэхэд 15 мянган тонн хүрнэ гэсэн тооцоотой байгаа.

-Мах боловсруулж гаргадаг компаниудаа бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ?

-Өнгөрсөн хавраас эхлээд махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлсэн. Компаниуд арилжааны банкнаас 17,18 хувийн хүүтэй зээл авдаг. Тэгэхээр улсын төсвөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл мах боловсруулах үйлдвэрүүд 7,8 хувийн хүүтэй зээл авч байна гэсэн үг юм.