Эмч нар шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдлээ

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.

Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт зарлана” гэв.

Дорнод аймгийн эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны дарга С.Оюунчимэг “Монгол орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал ядуу байгаа нь Засаг төрийн буруу. Бид ажлаа хийж байгаа ч ядуурлын эгнээнд шилжээд байна. Манай ажилчдын хамгийн доод цалин 300-400 мянга, харин сувилагч, эмч нарын цалин дээд тал нь 600-800 гаруй мянга байгаа нь амьдралд огтхон ч хүрэлцдэггүй. Тэдний олонхи нь орон сууцны, лизинг, цалингийн, хувийн зээлтэй учраас цалин аваад нэг ч төгрөг гар дээр үлдэхгүй байгаа. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлж цалинг 50 хувиар нэмээд өгөх юм бол жаахан ч гэсэн өндийх гээд байна” гэж байв.