Мансууруулах бодис хууль бусаар авч, бусдад зарж байсан гадаад иргэнийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Баянгол дүүрэгт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” борлуулж байсан итгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг бусад этгээдийн хамт баривчилжээ.

Энэ хэрэгт холбогдуулан Монгол Улсын долоон иргэнийг шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид хорьж, байцааж байгаа гэнэ.

Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант Улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Мөн эд мөрийн баримтаар “ЛСД” гэх мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хураажээ.

Сонирхуулахад, хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “ЛСД” нь олон улсад 1988 онд бүртгэгдсэн бөгөөд булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд оруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Хэрэв тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай ажээ.