Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Лосолын Лааган хүүхдийн хөгжил” НҮТББ, Боловсролын яамтай хамтран Уламжлалт цагаан идээ боловсруулах өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд байрлах БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга /1930-1932 он/ асан Лосолын Лааганы нэрэмжит Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв дээр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, Соёл Эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга захирал Макихара Соичи, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч А.Отгонбаяр, ХҮН намын төлөөлөгч Д.Цогтдэлгэр, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92, 126, 133 дугаар сургуулийн багш, сурагчдын төлөөлөл 100 хүүхэд, хариуцсан багш, эцэг эхийн төлөөлөл 10, нийт 120 хүн оролцлоо.
Тус арга хэмжээг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, Лосолын Лааган хүүхдийн хөгжил НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Н.Бямбадорж нар нээж, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн сурагчид морин хуур тоглож, уртын сайхан дуугаа дуулж, тус сургуулийн бага ангийн сурагчдын үндэсний бүжгийн хамтлагийн охидууд үндэсний бүжиг бүжиглэв.


Мөн 126 дугаар сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ өргөв.
Сүүний өдөрлөгөөр дараах арга хэмжээнүүдийг танилцуулав. Үүнд:
- Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн хүндэтгэлийн өргөөнд 20 л сүүг аргалын гал дээр хөөрүүлж, оролцогчид халуун сүүний амталгаа хийж, урьд өдөр нь хөөрүүлсөн 20 литр сүүнд тогтсон өрмийг авч, тогоон дах хусмыг оролцогчдод үзүүлж тайлбарлан таниулцуулав.
- Малчны өргөөнд урьд орой нь хөөрүүлж бэлдсэн 20 литр сүүгээр тараг бүрэхийг тайлбарлан тараг бүрж үзүүлэв. Урьдчилан бүрж бэлдсэн 15 литр тарагнаас оролцогчид амталгаа хийв.
- Төвийн Монгол наадгайн өргөөнд шинэ өрмөөр хайлмаг хийхийг тайлбарлан хайлмаг хийж, оролцогчид халуун хайлмаг, шар тосны амталгаа хийв.
- Оролцогчид Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулав.
Тус арга хэмжээний талаарх мэдээллийг Боловсролын яам болон Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулж олон нийтэд сурталчлан таниулав.
Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.






























