Толгойт орчимд дунд зэргийн бохирдолтой байна

Улаанбаатарын утааны улирал хэдийнэ эхэлчихээд буй. Агаарын бохирдлын хэмжээ нэлээд нэмэгдсэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Нийслэл дэх агаарын чанарын суурин станцууд хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис агаарт хэр их байгааг тодорхойлон гаргадаг.

Энэ сарын эхний 10 хоногийн мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар бохирдуулагч гол элемент болох тоосонцор, азотын давхар ислийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс ихэсчээ. Тухайлбал, хүхэрлэг хий аравдугаар сарын 4-нд Зурагтад хүлцэх хэмжээнээс 1.2 дахин их байж.

Тухайн өдөр Толгойт орчим тоосонцор хүлцэх хэмжээнээс 1.6 дахин их байсан бол маргааш нь уг үзүүлэлт 2.5 болж нэмэгдсэн аж. Харин Баруун дөрвөн зам орчим азотын давхар исэл стандартаас хоёр дахин давжээ. Дашрамд дурдахад, азотын давхар исэл, тоосонцор, хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс давбал уушгины хамгаалах механизмыг бууруулж, зүрх, судасны архаг өвчнийг сэдрээдэг байна.