Монголоос 2000 жилийн настай мумми олджээ

Монгол Алтайн нурууны Шивээт хайрхан ууланд малтлага хийж явсан Өмнөд Солонгосын археологичид 2000 жилийн өмнө амьдарч байсан байх магадлалтай эрэгтэйн занданшуулсан шарил олсон талаар өчигдөр “Yonhap” агентлаг мэдээлэв.

Малтлагын багийн археологичид МЭ III-V зууны үеийн барилгын хоёр туурь, 2000 жилийн өмнөх гурван жижиг чулуун булш олсон аж. Булшнуудыг нарийвчлан судлах явцад нэгнээс нь эл мумми гарчээ. 165-170 см өндөр, зүүнээс баруун тийш чиглэсэн энгэр бүхий хятад загварын өмсгөлтэй байжээ.

Эл дээлийг Хятадын хойгуур нутагладаг хүмүүс өмсдөг байсан бөгөөд “Zouren” хэмээн нэрлэдэг байсан талаар дурдсан. БНСУ-ын Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийнхэн ген, хооллох заншил зэргийг нь судалж түүнийг Торгоны замаар аялагч эсвэл, Алтайн нуруу орчимд суурьшсан худалдаачны аль нь болохыг тогтоох гэнэ.