Монголд олон улсын номын санг нээлээ

     Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг ном, зохиол бүтээлүүд бүхий олон улсын номын сангаа өнөөдөр нээж байна. Тус номын сангийн нээлтэд МУГЗ Ш.Гүрбазар оролцож их зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар нээлттэй ярилцлага өрнүүлэх юм. Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ саяхан тавьсан юм. Мөн нээлтийн үеэр сурагчид их зохиолчийн бүтээлээр жүжигчилсэн тоглолт, урлагийн номерууд үзүүлэхээр бэлдсэн байна. 

Номын сангийн нээлтэд зориулж “Глобал” сургуулийн сурагчид ямар ч хадаас орохгүй, угсардаг амьтны зохиомжтой араг хийц бүхий 3D номын тавиуриудыг бүтээснээ олон нийтэд танилцуулах ажээ. Цэвэр зохион бүтээх, инженерчлэлийн шийдэл шаардсан энэхүү бүтээлүүдийг хийснээрээ сурагчид математик, геометр, физик, дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлүүдээс олж авсан мэдлэгээ бодит чадвар болгон батжуулж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байгаа нь давуу талтай юм байна. Энэ нь одоогоор Монголд нэвтрээгүй консруктор загварчлалын шинэ технологи гэнэ. Сурагчдын урласан энэхүү бүтээл нь дэлхийн зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнээс дөрөв дахин хямд үнээр босч байгаа нь бизнесийн шинэ боломж болохыг харуулж байгаа юм.