Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг нээхээр цугласан билээ. Тэрбээр анх 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй.

Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944 болон 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг.

Түүнчлэн түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгосон байдаг. Өнөөдөр миний бие Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалан бататгах, ирээдүй хойчийн залууст үлгэр дууриалал болж, Монгол-Оросын ард түмний болон тэдгээрийн ган бат зэвсэгт хүчний барилдлага, найрамдлыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсан энэхүү эрхэм хүндэт баатарын хөшөөг нээх болсондоо баяртай байна” хэмээлээ.

Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршуулж ийнхүү нээлтийг хийв.